Жадамбын
Энхбаяр
Жадамбын
Энхбаяр
Бидэнд итгэл хэрэгтэй

Ж.Энхбаяр: Элэгний хавдар, өвчлөл монголчуудын ядуурлын шалтгаан болж байна


2016/06/25
←Буцах

              УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт Хавдар судлалын үндэсний төв багтдаг. Тэндхийн хамт олонтой тус тойрогт нэр дэвшиж буй Ж.Энхбаяр уулзлаа. Учир нь, МАН-ын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд элэгний өвчлөл, хавдарыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бий. Хавдартай тэмцэх төрийн бодлого, зорилго Хавдар судлалын үндэсний төвийн энэ хамт олон, энэ байгууллагаас эхлэх нь дамжиггүй. Өнөөдөр хавдараар өдөр бүр долоон Монгол хүн нас барж байна. Үүнээс хамгийн их нь буюу нэгдүгээрт элэгний хавдар, хоёрдугаарт ходоодны хавдар, гуравдугаарт улаан хоолой, умайн хүзүүний хавдар болохыг судалгаа харуулж байгаа нь давхар Монгол хүний амьдралын чанар хэрхэн доошоо орсныг илтгэж байгаа үзүүлэлт. Бүгд амьдралын доройтлоос хамаарах өвчлөл. Улмаар эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа элэгний хавдарын эм эмчилгээний зардал нь айл өрхийн төсөвт хамгийн их дарамт болж, ядуурлын шалтгаан болж байна. Өнгөрсөн хаваржин бас нялхасын халдварт өвчнүүд дэгдлээ. XX зуунд МАН халдварт өвчнүүдийн голомтыг устгаж, хүн ам өсөх графикийг эхлүүлэн эрүүл мэндийн асуудлыг цогц шийдэж, хаалгыг нь хаасан бол өнөөдөр дахин сэдрээд зогсохгүй гамшигийн хэмжээнд хүрчихээд байгаа юм. Нэр дэвшигч Ж.Энхбаярын хэлснээр “2030 он гэхэд Монголын хүн амын өсөлт зогсох, түүнээс цааш буурах хандлага руу орох судалгаа, тооцоо гарсан байна. Нөхөн үржихүйд нөлөөлөх халдварт өвчний тархалт улам бүр ихэсч байна. Ийм эрсдлийг давах, сөрөх менежмэнт хийх алсын харааг одооноос эхлүүлж, эрүүл Монгол хүнтэй улс орон болохыг зорихгүй бол нийгмийн хөгжлийн бусад асуудлыг ярих үндэсгүй...” гэхчилэн яриагаа эхэлсэн. Түүний ярьснаар 100 мянган хүнд ногдох элэгний хавдар өвчнөөр нас барж буй хүний тоогоороо Монгол Улс дэлхийд тэргүүлээд зогсохгүй дэлхийн дунджаас найм дахин өндөр явна. Өдөрт долоон хүн элэгний эмгэгээр нас барж байгаа гэсэн статистик бий. Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр 40-50 тэрбум төгрөг үлддэг. Энэ үлдэгдэлийг тухайлбал, элэгний өвчлөл, хавдарт нэрвэгдсэн иргэдийн эм эмчилгээний төлбөрийн хөнгөлөлтөд гурван жилийн хугацаанд зориулчихвал Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгах боломжтой юм байна. Энэ салбараас үлдсэн мөнгө салбартаа зориулагдах ёстой. Өнөөдөр эрүүл мэндийн яам эрүүл Монгол хүнтэй байх бодлого хийхийн оронд тэндер шалгаруулах мэтчилэн аж ахуйн ажил хийдэг болсноос салбар уначихаад байна. Засгийн газар дөрвөн жилд бондын өр тавихдаа эрүүл мэнд, боловсролын салбар руу нэг ч төгрөг хийгээгүй  нь харамсалтай байна гэхчилэн ярьсан.

             Уулзалтад ирсэн Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, доктор Ж.Чинбүрэн “Монголын эрүүл мэндийн салбар бодлогогүй болоод удаж байна. Энэ салбарын асуудлууд дандаа гал унтраах байдлаар шийдэгдэж ирсэн. Элэгний өвчлөлтэй тэмцэхийг чухалчилж байгаа улстөрийн хүчинд талархаж байна. Үнэхээр энэ салбарт бодлогоор нэн түрүүнд элэгний өвчлөлийг дарахгүй бол нийтийн ядуурал, нийгмийн сөрөг асуудлуудын суурь болж байгаа нь үнэн. Тэгээд энэ салбарт одоо анхаарах шаардлагатай хамгийн чухал нэг асуудал байна. Эмчээсээ илүү чухал сувилагчаар эрүүл мэндийн салбар удахгүй дутагдах, гачигдахад хүрээд байна. Сувилагч олноор бэлтгэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийг ахуй хангамжид чиглэсэн бодлого хийх нь хамгийн тулгамдаж буй асуудал...” гэлээ. Нэр дэвшигч Ж.Энхбаяр “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэг өдөрт нэг хүнд үйлчилсэн ч, арван хүнд үйлчилсэн ч авах хөлс нь ялгаагүй шударга бус үнэлгээг нэн түрүүнд засах ёстой. Удахгүй сувилагчийн дутагдалд орох баримттай би танилцсан. Тиймээс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхийг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, “Эмч хүн жаргалын ээж” нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх мэтчилэн мөрийн хөтөлбөрийн заалтуудаар асуудлуудыг шийдвэрлэнэ...” гэлээ. Үргэлжлүүлээд Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, ЭМШУИС-ийн Хавдар судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Р.Сандуйжав “Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар энэ салбар чиглэх төрийн бодлогоо зөв болгох нь хамгийн эхний, чухал асуудал байна аа. 1918 онд Оросын эрдэмтэн Майнскийн тооллогоор 540 мянган хүн амтай байсан. МАН эрүүл мэнд, нийгмийн халамжын зөв бодлогоор хүн амынхоо өсөлтийг өнөөдөр гуран саяд хүргэсэн. Түүн шигээ дахиад түүхэн хариуцлага хүлээж, эрүүл мэндийн салбарыг шинэчлэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой. Энэ чиглэлд анхаарал хандуулан, гардаж манлайлан ажиллаарай гэж нэр дэвшигч танаас хүсэх байна...” гэв.

Б.ХАШ

Түгээх